Tuesday, January 14, 2014

Машин үйлдвэрлэл

Машин үйлдвэрлэл нь (мөн машин судлал) аж үйлдвэрийн сонгодог салбар буюу инженерийн сонгодог шинжлэх ухаан юм. Энэ салбар нь машины хөгжил, хийц ба үйлдвэрлэлийг дотроо агуулдаг.

Машин үйлдвэрлийн салбарт

  • Эрчим хүчний байгууламж, эрчим хүчний машин (уурын машин, хөдөлгүүр, турбин)
  • Үүсгүүр, металлург, үйлдвэрийн байгууламж, дахин боловсруулалт, хаягдал шатаах байгууламж, түүхий эд олборлолт


Машин үйлдвэрлэлийн түүх

Механик инженер нь хамгийн эртний шинжлэх ухаан бөгөөд түүний суурь шинжлэх ухаан нь сонгодог физик (ялангуяа сонгодог механик) юм. XVIII зуунаас эхлэн инженерийн бие даасан мэргэжил болон хөгжсөн. Байгалийн шинжлэх ухааны ололт нээлтүүд нь механик инженерийн салбарт хэрэглээгээ олдог байлаа. Аж үйлдвэрийн хувьсгалын цаг үеэс эхлэн дэлхийг богино хугацаанд асар хурдацтайгаар өөрчилсөн.

МЭӨ машин үйлдвэрлэл

  • Ойролцоогоор МЭӨ 700 он: Бабилоны усан тээрэм, механик инженерийн хийц
  • Ойролцоогоор МЭӨ 550 он: Эргэх машин, анхны фрезерийн эргэх суурь машин
  • Ойролцоогоор МЭӨ 340 он: Аристотелийн тодорхойлолт: Хөшүүрэг, шурагийг машин хэмээн нэрлэж эхэлсэн
  • Ойролцоогоор МЭӨ 200 он: Алексдриагийн Герон анхны дулааны хүчний машин

Машин үйлдвэрлэл, инженерийн шинжлэх ухаан

Хамаарал

Механик инженерийн салбарыг инженерүүд, техникчид болон мэргэжсэн ажилчид бүрдүүлдгээрээ онцлог юм. Эдгээр хүмүүс нь тухайн компанийн хэр зэрэг өргөн хүрээтэй үйлдвэрлэл явуулдгаас шалтгаалан машин болон машины эд хэсгийн шинэ санаа, анхны загвар, тооцоо, дизайн, хийц загвар, сайжруулалт, судалгаа болон хөгжүүлэлт, үйлдвэрлэлт болон худалдаа борлуулалтад ажиллана. Энэ бүтээгдэхүүн нь жижиг машины эд хэсгээс эхлээд тоног төхөөрөмж эсвэл маш нарийн хийцтэй үйлдвэрлэлийн шугам бүр цаашлаад бүхэл бүтэн үйлдвэр фабрикийг төлөвлөн, зохион бүтээн, угсрах болон ашиглалтад оруулдаг байж болдог. Өнөө үед техникийн тоног төхөөрөмжийг CAD-программын тусламжтай компьютерт зурж тооцоолж байна. Үүгээр бий болгосон CAD-файлыг ашиглан түүний шинж чанарыг симуляц хийн шалгаад (үүнд ялангуяа төгсгөлөг элементийн арга орно) CNC-Машинаар үйлдвэрлэж байна. Дараагийн бас нэг арга нь урвуулан инженерчлэх (анг. Reverse Engineering) бөгөөд энэхүү инженерчлэл нь тухайн байгаа бодит биетээс комьпютерын моделл үүсгэн үүнээ цааш нь боловсруулах буюу сайжруулах ажлыг хийдэг. Жишээлбэл автомашины гаднах их биеийн чөлөөт хэлбэрийн гадаргуу эсвэл турбин болон шахагч сэнснүүд. Автоматжуулалт нэмэгдэх хэрээр тоног төхөөрөмжийг нарийн хийцтэй хэмжих- болон удирдах- тохируулах техникээр тоноглох болсон бөгөөд энэ тоноглолыг ч мөн механик инженерүүд хийцийг нь гаргадаг.

Үндсэн мэдлэг

Машин үйлдвэрлэлийн их сургуулиуд заадаг үндсэн мэдлэгт байгалийн шинжлэх ухааны хичээлүүд болох математик, физик, хими, техникийн механик, материал судлал, зохион бүтээх техник, цахилгаан техник, термодинамик, урсгал судлалын механик болон хэмжилт-, удирдлага- болон тохируулгын техник, үйлдвэрлэх техник, үйлдвэрлэлийн технологи, машины эд хэсэг зэрэг орно.

Математик

Математик бол машин үйлдвэрлэлийн шинжлэх ухаанд чухал үүрэгтэй. Математикийн загваруудыг алгебр болон анализ (Ньютон болон Лайбнитзаар эхлээд Гауссын комплекс тоогоор өргөснө), дифференциал тэгшитгэл болон векторын анализ (чухал мэдлэг болох Лаплас, Бернауль, Стокес-ийн хуулиуд) эсвэл тооцоолон бодох аргаар бэлтгэнэ.

Материал судлал

Материал судлалын шинжлэх ухаан нь инженерийн шинжлэх ухааны салбар бөгөөд материалын бүтэц, шинж чанарын хоорондын хамаарлыг хэрэглээндээ тохируулах арга технологийг судалдаг юм. Үүний үндсэн дээр тухайн материалын бүтцийг зорилготойгоор өөрчилдөг жишээлбэл төмөр-нүүрстөрөгчийн холимог хайлшийг хатаах, хатуулгийг нэмэгдүүлэх болон нэмэлт хайлш хийн хүссэн ган болон болдыг гаргаж авах. Машин үйлдвэрлэлд хамгийн ихээр хэрэглэдэг хайлшнуудыг гагнах боломжоос эхлэн амархан хэлбэрт орох гэх мэтээр түүний нүүрсний агуулгаар тохируулан гаргаж авна. Мөн цаашлаад зэврэлтийг багасгахын тулд нэмэлтээр хайлш хольж өгдөг. Жин чухал зарим салбарт (ийм салбарт жишээ нь: агаарын болон сансрын тээвэр) төмрийн хайлшны оронд хөнгөн цагааны хайлш болон нийлмэл бодисуудыг сонгон хэрэглэдэг. Материалын чухал үзүүлэлтэд түүний суналтын хязгаар, суналтын бат бэх бол уян налархайн коэффициент Е-модуль орно.

Техникийн термодинамик

Термодинамик, мөн дулаан судлал ч гэж нэрлэдэг, нь сонгодог физикийн нэг салбар хэсэг юм. Энэ салбар нь 19-р зуунд Жэймс Прэскотт Жоуль, Николас Леонард Сади Карнот, Жулиус Роберт фон Майер болон Херманн фон Хелмхолц нарын хийсэн ажлын суурь дээр үндэслэгдэн бий болсон. Түүний судлах зүйл нь энерги болон энергийн хэлбэрээс ажил болон хувиргах чадвар, процессыг судална. Мөн хими, биологи болон техникийн хэрэглээний салбаруудад түүнийг өргөн хүрээтэйгээр ашиглах боломжтой нотлогдсон. Термодинамикийн тусламжтайгаар жишээлбэл зарим нэг химийн урвал хэвийн нөхцөлд явагддаг хэр нь зарим нь яагаад явагддаггүй талаарx тайлбарыг мэдэж болно. Техникийн термодинамик нь тухайн системийн физик шинж чанарын зөвхөн макро төлөв байдлыг л авч үздэг. Тиймээс нь энэ нь маш хэмнэлттэй онол бөгөөд учир нь түүний жижиг хэсгүүд болох атом, молекулын хөдөлгөөнийг тооцолгүйгээр зөвхөн түүний дундаж хэмжээс болох даралт, температурыг авч үздэг.

Техникийн механик

Техникийн механик нь инженерийн шинжлэх ухааны нэг салбар хэсэг юм. Түүний байгалийн шинжлэх ухааны үндэс нь сонгодог механик юм. Сонгодог механик нь өөрөө физикийн нэг салбар хэсэг юм. Техникийн механикийн судлах зүйлийн жишээнд статик, бат бөхийн онол, кинематик, хэв гажилтын механик болон машины динамикийн ачааллын талаар судалдаг. Техникийн механикийн гүйцэтгэх үндсэн үүрэгт хүчний үйлчлэл, тэдгээрийн момент болон бусад ачааллын (жишээ нь материалын шинжлэх ухаан болон барилга, механик инженерийн салбарт хэрэглэх материалын ачаалал) тооцооны онол болон гаргалгааны арга ухааныг бэлтгэж өгөх. Ингэж тооцоолсны дараа тухайн хийцийн эд материал хэмжээг сонгох боломжийг олгодог учир техникийн механик нь хэрэглээнд их ойр туслах шинжлэх ухаан юм.

Зохион бүтээх техник

Зохион бүтээх онол буюу -техник нь зохион бүтээцийн үндсийг агуулах ба үүнд анализ-, синтез-, үнэлгээ- болон сонгон шалгаруулах ажлыг шаардах бөгөөд тодорхой техникийн даалгаврыг тодорхой цаг хугацаанд хамгийн зөв шийдэл гаргах арга юм.[1] 

Зохион бүтээх арга барилын хүрээнд ялангуяа системтэйгээр шинэ санаа олох, нэгдсэн шийдэл болон хувилбарын үнэлэмж гаргах аргуудыг сурч авдаг. Жишээ нь: Зохион бүтээх хөгжлийн процесс, бүтээгдэхүүний амьдралын тойргийн менежмент (анг. Product-Lifecycle-Management) эсвэл компьютерын тусламжтай инженерчлэл (анг. Computer-aided-engineering = CAE). Эдгээр нь хамгийн оновчтой олон төрлийн шийдлийн сонголт олоход тусалдаг.

Эдгээр шийдлээс зөв зүйтэйг сонгохын тулд зохион бүтээгч инженерт байх ёстой үндсэн мэдлэгт болох механик хийц өөрөөр хэлбэл машины эд хэсэг, түүний хэмжилт угсралт суурилуулалт мөн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн талаарх мэдлэг чадвар зайлшгүй чухал. Үүнээс гадна энэ хийцийн шийдлээ зөв зохистой баримтжуулах явдал нь дараа дараагийн шийдэл гаргах ажлыг ихэд хөнгөвчлөх сайн талтай. Баримтжуулалтад мөн техникийн зураг зүй орох бөгөөд түүнд зориулсан олон олон техникийн стандартууд байдгийг мөн л зохион бүтээх техникийн хүрээнд буюу түүний нэг хэсэг болох дүрслэх геометрээр (туслах багаж хэрэгсэл нь CAD) олж авдаг.

Үйлдвэрлэх техник

Үйлдвэрлэх техник нь механик инженерийн чухал хэсэг бөгөөд энд эд ангийн үйлдвэрлэх арга техникийн талаар судлах ба ялангуяа эд хэсгийн хүлцлийг яаж тэнцвэртэйгээр үйлдвэрлэх түүнийг үйлдвэрлэх процессыг яаж хямд төсөр сонгох талаар судална. Үйлдвэрлэлийн технологийг германд DIN 8580 (герм. Deutsche Industrie Normung, монг. германы аж үйлдвэрлэлтийн стандарт) стандартаар стандартчилсан байдаг. Үүнд:

  • Анхны хэлбэржүүлэлт
  • Хэлбэрт оруулах
  • Салгах
  • Нийлүүлэх
  • Бүрхэлт
  • Бүрхэлт

Цахилгаан техник

Цахилгаан техникийг системтэйгээр техник хэрэглэх, мөн гүйдэл болон хүчдэлийн учир шалтгаан түүний нөлөө нөлөөлөл, дан ялангуяа техникт түүний хэрэглээ. Галвани, Волта болон Ампер нар цахилгаан гүйдэл, хүчдэлийн талаар онолыг нээсний дараа Ом тэдгээрийн хоорондын чухал пропорциональ холбогдлыг нээн, Омын хуулиар тэрхүү холбогдлыг харуулдаг. Үүний дараах нээлт, жишээ нь соронзон орон болон богино долгион нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд ихээр хэрэглэн, өдөр тутмын амьдралыг энэ төрлийн багаж хэрэгсэлгүйгээр төсөөлөхөд бэрх болсон. 

Сургалт ба их сургууль

Их, дээд сургууль

Их дээд сургуулиудад (мөн техникийн их дээд сургууль) ирээдүйн инженер болохын тулд машин үйлдвэрлэлээр сурах нь гурван сонгодог инженерийн сургалтын нэг (нөгөө хоёр нь цахилгааны инженер болон барилгын инженер) юм.

Машин, түүний эд анги болон материалын тухай нарийвчлан сурахаас гадна тэдгээрийн хоорондын хамаарал болон асуудлыг шийдэх арга замыг олох аргачлалыг суралцана. Ирээдүйн инженерүүдэд системээр нь бодож тунгаах, энэ системийг таньж мэдэх түүнээ задлан ойлгож сурах арга барилыг чухалчлан заадаг. Ингэснээр нарийн төвөгтэй систем болох цахилгаан станц, автомашин, эсвэл онгоцыг түүний задрах бүх жижиг хэсэгт нь задлан, түүндээ оновчтой шийдэл олсны дараа түүнээ буцаан бүтэн систем болгон үйлдвэрлэх ур чадварт суралцдаг. Суралцаж дуусаад Bachelor of Science / Master of Science эсвэл Bachelor of Engineering / Master of Engineering (монг. Бакалавр инженер / Магистр инженер) инженерийн диплом авах ба үүний дараа академийн Bachelor / Master of Science (B.Sc. / M.Sc.) эсвэл Bachelor / Master of Engineering (B.Eng. / M.Eng.) цолыг нэрийнхээ өмнө цоллуулах эрхийг албан ёсоор хүлээж авна. 

Техникийн дунд сургууль

Герман хэлтэй улс оронд их дээд сургуулийн инженерийн сургалтаас гадна механик инженерийн техникчдийг бэлтгэх мэргэжлийн сургуулиуд нь эртний уламжлалт сургалтын хэлбэрүүдийн нэг юм. Энэ төрлийн сургалтад хоёр жил зөвхөн мэргэжлийн хичээл үзэх бөгөөд төгсөхдөө улсаас шалгагдсан техникч болох бөгөөд хүсвэл их дээд сургуульд инженерийн мэргэжлээр сурах эрхтэй болдог. Австри болон Швейцарт ч мөн ийм төрлийн мэргэжлийн сургалтууд байдаг.

Ном зүй

  • Karl-Heinrich Grote, Jörg Feldhusen: Dubbel - Taschenbuch für den Maschinenbau. 23. Auflage. Springer, Berlin 2012, ISBN 978-3642173059. (Standardwerk)
  • Alfred Böge: Handbuch Maschinenbau: Grundlagen und Anwendungen der Maschinenbau-Technik. 19., überarb. und. erw. Auflage. Vieweg, Braunschweig 2009, ISBN 978-3-8348-0487-7.
  • Ekbert Hering, Karl-Heinz Modler: Grundwissen des Ingenieurs. 14., aktualisierte, Auflage. Fachbuchverlag Leipzig, Leipzig 2007, ISBN 978-3-446-22814-6.
  • Horst Czichos, Manfred Hennecke: Hütte. Das Ingenieurswissen. 33. Auflage. Springer, Berlin 2007, ISBN 978-3-540-20325-4.

Эх сурвалж 

  1. Rudolf Koller, Konstruktionslehre für den Maschinenbau 3. Springer-Verlag Berlin 1994. ISBN 3-540-57928-1 Хуудас XVIII

Friday, January 10, 2014

Тэнхлэг

Төмөр замын тээврийн хэрэгслийн тэнхлэг

Тэнхлэг бол машины эд хэсэг бөгөөд, эргэх боломж бүхий эд ангийг өөртөө агуулах буюу өргөж тээх зориулалттай. Үүнд жишээ нь төрөл бүрийн дугуй, эргэвч, эсвэл холхивч орно. Ярианы хэлэнд гол болон тэнхлэгийг хооронд нь хольж ярих тохиолдол их бий. 

Төрөл

Тэнхлэгийг хатуу холбоостой мөн тойрон эргэх (хамт эргэх) тэнхлэг хэмээн ялгаж үздэг. Голтой харьцуулахад тэнхлэг нь цэвэр өргөж тээх буюу өөртөө агуулах функцтэй ба энэ нь ямар ч эргэлтийн моментыг дамжуулдаггүй. Тиймээс тэнхлэгт зөвхөн тахийлт/мурийх момент болон тэнхлэгийн дагуу үйлчлэх хүчинд ачаалагдсан байна. 

Xатуу холбоо бүхий тэнхлэг

Xатуу холбоо бүхий тэнхлэг нь сул эргэх эд ангид (жишээ нь эргэх дамарт) угсрагдана. Энэ тэнхлэг нь механикийн тайван болон бага зэргийн доргилттой тахийлтаар ачаалагдана. 

Тойрон эргэх тэнхлэг

Хөтлөгдөх дугуй болон эргэвч нь тэнхлэгтэй хамт хатуу холбоосоор холбогдсон бол үүнийг (тойрон) эргэх тэнхлэг гэж нэрлэнэ. Эргэх хөдөлгөөний улмаас тухайн тэнхлэгт статикийн хувьсах ачааллын хүч (тахийлт) бий болно. Хувьсах ачааллаас шалтгаалан эргэх тэнхлэгийн диаметр нь хатуу холбоостой (эргэдэггүй) тэнхлэгийн диаметрээс харьцангуй том хэмжээтэй байх боловч угсралт болон тэнхлэгээ дугуйтай холбох ажил хөнгөрөх давуу талтай. 

Цул ба нүхтэй тэнхлэг

Тэнхлэг тахийлтаар ачаалагдсан үед түүний суналт болон агшилт гадна талдаа л их байхаас дотор буюу төв хэсэгтээ бага байна. Энэ нь юу гэсэн үг бэ? гэвэл тэнхлэгийн материалын төв хэсэг нь тэнхлэгийн тогтворжилт болон бат бэхэд нөлөөлөх нөлөө бараг байхгүй гэсэн үг. Тиймээс тэнхлэг хөндий буюу нүхтэй хийцтэй байдаг. Ингэж хөндий хийх нь тэнхлэгийн жин багасах давуу талтай. Цаашлаад унадаг дугуйн тэнхлэгийн хувьд, цул тэнхлэгийн жин болон тогтворжилтыг хөндий тэнхлэгийн жин болон тогтворжилттой харьцуулахад хөндий тэнхлэг цул тэнхлэгээс илүү тогтворжилттой болох нь нотлогдсон.

Ном зүй

  • Kabus, Karlheinz, Rieg, Frank 1955-, Weidermann, Frank 1967-, Engelken, Gerhard, Hackenschmidt, Reinhard 1953-: Decker Maschinenelemente. Funktion, Gestaltung und Berechnung. 20., neu bearbeitete Auflage. München, ISBN 978-3-446-45029-5.

Friday, January 3, 2014

Техникийн зураг

Техникийн зураг гэдэг нь техникийн тодорхой мэргэжилтэй хэсэг буюу архитектур, барилгын инженер, техникийн инженер, зохион бүтээх инженер болон загвар зохион бүтээгчид инженер  техникийн стандарт, дүрмийн  дагуу хийсэн зургийг хэлнэ. Зурсан зургийн тусламжтайгаар ямар нэгэн объектыг үйлдвэрлэх учир зураг нь маш тодорхой байх ёстой.

Түүх

Техникийн зургийн гарал үүсэл нь 15-р зуунаас эхлэлтэй. Тухайн үеийн төлөөлөгчөөр өнөөгийн алдарт Леонорда Да Винчи орох ба тэрээр олон нээлтүүдээ (жишээлбэл дайны зориулалт бүхий машин, нисэх аппарат гэх мэт) зургаар (техникийн) үлдээсэн байна. Геометрийн үндэс суурийг бүр түүнээс өмнө математикчид Самосын Пифагор мөн Алеxандрын Евклид нар нээн судалж байсан байна. Сүүлд 1700-д оны үеэс францын анхны нисэхийн пионер Жак де Вокансоны зурсан техникийн зургуудыг болон эсвэл 19-р зууны патентийн бичигт бүртгэсэн зургууд орно.
 
Сүүлийн зуун жилийн дотор техникийн зураг нь улам боловсронгуй болон хөгжиж ирсэн. Мөн зураг зурах маш олон төрлийн багаж хэрэгсэл  (туш, муруй шугам, зургийн хавтан) бий болсноор зураг зурахад хялбар дөхөм болсон.
 
Компютерын техник (CAD) гарч ирснээр  харандаа, туш, шугамын хэрэглээ бараг алга болж харин компютерын хэрэглээ ихсэх болсон.

Өнөөдөр ихэвчлэн техникийн дэвшилтэт технологи болох 3D-CAD-системийг хэрэглэж байна. Үүнийг хэрэглэхдээ эхлээд огторгуйн биетийг бий болгоод түүнээсээ техникийн зургийг уламжлан гаргадаг.
 

Monday, December 16, 2013

Машины эд хэсэг

Хоёр паралель эргэх шаантган ремен
дамжуулгын бүдүүвч зураг

Машины эд хэсэг гэдэгт суурь машин, үйлдвэрийн тоног төхөөрөмж, аппарат, барилга байгууламжинд хэрэглэх эд хэсгийг нэрлэж болно. Машины эд хэсгийг өөрөөр машины элемент ч гэж нэрлэдэг бөгөөд үүнд байж болох хамгийн жижиг эд ангийн xийцийг тодорхой зорилго буюу функцийг гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Жишээлбэл ийм төрлийн машины элементийн тоонд жийрэг резин, эрэг, боолт хамаарах ба мөн олон эд ангийн нэгдэл ч байж (энэ нэгдэлийг буцаан задлахад эргээд нэгж машины эд хэсэг болдог учир) бас болно. Үүний жишээ дугуйн гинж, эргэвч, холхивч, хөдөлгүүр гэх мэт. Машины эд хэсэг нь дээд зэргээр судлагдан боловсронгуй болон хөгжсөн эд ангиуд байдаг.

Тодорхой эд ангиудыг (
боолт, гайк, жийргэвч, пүрш) байж болох бараг бүх шинж чанарыг агуулсан стандартаар тодорхойлсон байх учир тэдгээрийг ямар ч асуудалгүйгээр солих боломжтой. Гэхдээ бүх машины эд ангийг стандартчилах боломжгүй хэт өвөрмөц буюу тусгай хийц загвартай эд ангийг стандартчилах үндсэн хэмжээс нь байхаас нарийн бүх хэмжээс байдаггүй. Тиймээс үйлдвэрлэгчид тухайн эд ангийг хийх дээ үндсэн байх ёстой хэмжээснээс бусдыг, өөрийн үйлдвэрийн техник технологидоо тулгуурлан өөр өөр байж болох талтай. Ийм эд ангийг солиход бас хүндрэлтэй. Үүний жишээ нь хөдөлгүүр, эргэвч, тулгуур гол гэх мэт.

DIN6914
Зургаан талт боолт
M24x100

Дараах жагсаалтаар машин үйлдвэрлэлийн техникт өргөн хэрэглэдэг үндсэн чухал элементүүдийг жагсаав.

  • холболтын эд анги 
  • боолтон холбоос 
  • гагнаасан холболт 
  • халуун гагнуурын холболт 
  • наах холболт 
  • хадгалах эд анги 
  • пүрш 
  • инерцээр эргэх араа/гол 
  • чиглүүлэгч эд хэсэг 
  • гулгах эргэвч, эргэх эргэвч
  • гол дамар 
  • шүдэт араа болон шүдэт араат дамжуулах хөдөлгүүр 
  • үрэлтэн араат хөдөлгүүр

Wednesday, November 13, 2013

Үйлдвэрийн байгууламжийн үйлдвэрлэл

БАСФ-Лудвигсхафен байрлах салбар үйлдвэр

Үйлдвэрийн байгууламжийн үйлдвэрлэл нь техниктэй холбоотой бизнесийн салбар бөгөөд гол зорилго нь техникийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийг бодитоор бий болгон амьдралд нэвтрүүлэх. Үйлдвэрийн байгууламжийн үйлдвэрлэлийн хамрах хүрээ нь тухайн салбар эсвэл тоног төхөөрөмжийн төрлөөс хамааран янз бүр байна. Үүнд үйлдвэрлэлийн технологи, эрчим хүч, ханган нийлүүлэлтийн техник, үйлдвэрлэлийн техник, машин үйлдвэрлэл болон цахилгаан техник гэсэн салбарууд орно. Шинэ технологи нэвтрүүлэхийн тулд системийг бүхэлд нь авч үзэн нэг эд ангид аль болох олон үүрэг гүйцэтгэхээр анхнаас төлөвлөдөг. Эд анги бүрийн гүйцэтгэх үүрэг нийт процессоос бий болох бөгөөд нэгдсэн процесс нь тодорхой нөхцөлүүдийг хангаж байх ёстой. Эхлээд процесс бүрийг судлан алхам бүрийг нэг нэгээр нь тодорхойлоод түүнийгээ найдвартай ажиллах горимыг тооцсоны үндсэн дээр хэрэгтэй зураг төслөө гаргана. Дараа нь процессуудыг хооронд нь холбох, тохируулга хийх болон шаардлагатай бол техникийн сайжруулалт хийсний дараа үндсэн процесс бий болох бөгөөд энэ үндсэн процессыг ханган нийлүүлэх болон хог хаягдал зайлуулах (Utilities) төхөөрөмж болон тухайн системийг удирдах болон хяналтын системтэй холбосны дараа тоног төхөөрөмжийн үйлдвэр маань бүрэн болно. Үйлдвэр барихдаа анхнаасаа зайлшгүй төлөвлөх ёстой зүйлүүдэд мөн үйлдвэрээс гарч буй хог хаягдлыг зайлуулах бодлого, үйлдвэрийн процесс бүрд яаж хог хаягдлыг багасгах бодлого, хорт хий болон хорт хийг цэвэрлэх төхөөрөмж болон ажлын үеийн аюулгүй байдал зэргийг сайн тооцон оруулж өгөх нь тухайн үйлдвэрийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.  

Шинээр үйлдвэрийн байгууламж барих түүний хөгжил

Техникийн тоног төхөөрөмжийн хөгжлийн процессыг дараах нийтлэг алхмуудад хувааж болно:

  1. Үйлдвэрлэлийн технологи буюу процессын хөгжлийг түүний бүрэлдэхүүн хэсэг болох тоног төхөөрөмжтэй нь болон тэдгээрийн шинэчлэлийг лаборатори болон туршилтын үйлдвэрт аж үйлдвэрийн хэмжээнд хүртэл хөгжихөөр тооцож үзэх
  2. Удирдлагын, эдийн засгийн болон техникийн нөхцөл байдлыг тооцон олох мөн үйлдвэр ашиглагчийн шаардлагуудыг тооцох
  3. Өөр өөр техникийн болон эдийн засгийн харьцуулсан судалгаа бүхий техник эдийн засгийн үндэслэл. Энэхүү судалгаа зөвшөөрсөн эсвэл эс зөвшөөрсөн гэсэн шийдвэр байх бөгөөд энэ нь тухайн үйлдвэр ерөөсөө баригдах үгүйг шийддэг.
  4. Концептын үе (урьдчилсан төлөвлөгөө), энэ нь олон янзын үйлдвэрийн төслөөс аль нэгийг сонгож үүнийг хийе гэсэн эцсийн сонголт ба үүний дараа байгууламжийн техникийн цар хүрээ хэр байх болон түүний ойролцоо үнэлгээг гаргах. Мөн төслийн хөрөнгө оруулалтад шаардагдах анхны өртөг, зардал болон хугацааг тооцоолон ойролцоогоор гаргах
  5. Техникийн болон эдийн засгийн хамгийн ашигтай загварыг боловсруулах мөн ирээдүйд гарах бүх зардал болон орлогыг нарийн тооцоолон гаргаx. (анхны техникийн зураг төсөл буюу Basic Engineering)
  6. Шаардлагатай бүх зөвшөөрлийн төлөвлөлт хийх, энэ зөвшөөрлөө тухайн эрх бүхий байгууллагуудаас гаргуулан авах
  7. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ болон бүх бүрэлдэхүүн хэсгүүдийн дэлгэрэнгүй тайлбар, нарийвчилсан зураг төслийг бэлдэх (хэрэгжүүлэх төлөвлөгөө буюу Detail Engineering)
  8. Төслийн нарийвчилсан бүрэлдэхүүн хэсэг болон ажиллах хүчний хөдөлмөрийн хөлсний талаарх үнийн санал тавих
  9. Ирсэн үнийн саналыг хооронд нь харьцуулаад захиалга өгөх
  10. Байгууламжaa барих ажлыг эхлүүлэх
  11. Байгууламжийг ашиглалтад авах
  12. Харилцан тохирсон хөдөлмөрийн гэрээний дагуу нотлох баримтуудыг цуглуулах (материалын өртөг, энергийн өртөг, чанарын баталгаа, баталгаат хугацаа гэх мэт)
  13. Байгууламжийг ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх

Үйлдвэрийн байгууламжийн гэрээ

Энэ төрлийн байгууламжийн үйлдвэрлэл маш том цогцолбор учир түүний үйлдвэрлэлийн гэрээ дан ганц тухайн үйлдвэрт зориулсан гэрээний төрөл болон хөгжиж ирсэн. Тиймээс энэ төрлийн олон улсын гэрээний загварыг гаргадаг байгууллага байдаг ба үүний жишээ нь FIDIC (Federation Internationale des Ingenieurs-Conseils). Silver Book хэмээх төслийн талаар бичсэн ном нь зөвхөн EPC-Tүлхүүр гардуулах-Шийдэл (анг.: Тurnkey-Projekt) зориулсан гэрээний загвар юм. Эдгээр гэрээний загваруудад эрсдэл гарсан тохиолдолд хэрхэн хуваарилах болон хариуцлагыг хязгаарлан тогтоох талаар нарийвчлан бичсэн дүрмүүд байдаг. Хэрэв ямар төсөлтэй холбоотой маргаан гарвал олон улсын худалдаа үйлдвэрийн танхимын журмын дагуу Парис хотноо шүүхээр таслан шийдвэрлэх талаар мөн тусгаж өгсөн байдаг.

Үйлдвэрийн байгууламж ашиглагчид

Үйлдвэрлэлийн технологи нь дэлхийн аж үйлдвэрийн ихээхэн том хувийг эзэлдэг. Үүнд ялангуяа дараах үйлдвэрийн салбарууд багтана:

  • Газрын тос болон байгалийн хийн үйлдвэр
  • Химийн болон эмийн үйлдвэрүүд
  • Бордоо болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр
  • Металл боловсруулах үйлдвэр

Ном зүй

  • Sattler, Klaus; Kasper, Werner: Verfahrenstechnische Anlagen - Planung, Bau und Betrieb, WILEY-VCH Verlag Weinheim, 2000. ISBN 3-527-28459-1
  • Hirschberg, Hans Günther: Handbuch Verfahrenstechnik und Anlagenbau - Chemie, Technik, Wirtschaftlichkeit, Springer-Verlag Berlin Heidelberg 1999, ISBN 3-540-60623-8

Friday, October 12, 2012

Цагариг жийргэвч

Харьцангуй нарийн цагариг
жийргэвчүүд
Цагариг жийргэвч буюу цагариг хэлбэртэй жийрэг резин (О-Цагариг гэж бас нэрлэдэг) нь цагариг хэлбэртэй жийрэглэх зориулалт бүхий резинэн эд анги юм. О-Цагариг гэдэг нэр нь түүний бөөрөнхий буюу цагариг хэлбэрийн хөндлөн огтлолоос хамааран бий болсон нэршил юм. О-Цагариг нь олон улсын техникийн стандарт ISO 3601 стандартчилагдсан. Германд энд жийрэг резин нь DIN ISO 3601 гэсэн стандартын дагуу үйлдвэрлэгддэг.

Үйлдвэрлэл

Энэ төрлийн жийрэг резин үйлдвэрлэх нь түүний энгийн бөөрөнхий хийцээс шалтгаалан үйлдвэрлэх ажиллагаа их хялбар. Үйлдвэрлэх тоо хэмжээ бага үед түүнийг шахаж цутгах (Injection Moulding) машинаар гүйцэтгэх ба хэрэв өндөр өртөг бүхий резин хэрэглэх бол түүнийг даралтаар хэвлэх (Compression Moulding) машин хэрэглэдэг. Ашиглалтын нөхцөл болон шаардлагаас хамааран ( Жишээ нь: төрөл бүрийн тос, хүчил, халуун, вакуум битүүмжлэл, эсвэл өөx гэх мэт) өөр өөр төрлийн материалаар жишээлбэл: төрөл бүрийн каучук, полиэтилен эсвэл политетрафлоурэтилен-ээр хийдэг. Зарим тохиолдолд металлаар ч хийдэг ба энэ харьцангуй цөөн тохиолддог (жишээ нь: цөмийн реакторт хэрэглэх жийрэг эсвэл өндөр температурын ажиллаx сувгийн систем гэх мэт). 

Ажиллагааны үндсэн зарчим

Харьцангуй бүдүүн цагариг
жийргэвчүүд
Цагариг хэлбэрийн хөндлөн огтлолоос хамааран О-цагариг өөрийн тэнхлэгийн дагуу (axial) мөн босоо тэнхлэг дагуу (radial) жийрэглэх үүрэгтэй. О-цагариг резинийг угсрах явцад шахалтаас шалгаалан түүний дээрх чиглэлд жийрэглэх үүргийг гүйцэтгэдэг. Хэр сайн жийрэг болох нь анхны шахалт (угсраx үеийн шаxалт) болон дараагийн системийн даралтын (жишээ таглаад боолтоор боох) хүчнээс хамаарна. Тиймээс жийрэг болох хэсэгт тооцоолсноос илүү даралттай байна гэсэн үг.

Хэрэглээ

О-цагариг резинийг бүх техникийн салбарт хэрэглэx ба ялангуяа авто болон машин үйлдвэрлэлийн салбарт өргөн хэмжээгээр хэрэглэдэг. Жишээлбэл гэр ахуйд гэхэд усны цоргонд угсарсан байдаг. Ихэнx тохиолдолд статик жийрэг болгон хэрэглэнэ. Статик хэрэглээний жийргийг дотор нь тэнхлэгийн дагуу (аxиал)-статик мөн босоо тэнхлэг дагуу (радиал)-статик жийрэг хэмээн хоёр ангилж авч үздэг. Эхний тохиолдлын жишээ гэвэл цилиндрийн жийрэг резин эсвэл усны хоолойн жийрэг резин орно. Дараагийн тохиолдол буюу босоо тэнхлэг дагуу (радиал)-статик жийрэгт төмөр хавтангуудын хоорондын жийрэг гэх мэт.

Стандарт хэмжээс

Цагариг жийргэвч резиний динамик
хэрэглээний жишээ (зүсэлт хийсэн бүдүүвч зураг)
болох хөндлөн огтлолын зураг.
О-цагариг резин нь үндсэн хэмжээс нь "дотор талын диаметр × хөндлөн огтлол талбай", жишээлбэл 10 × 1,0 мм. О-цагариг резинийг янз бүрийн диаметртэйгээр стандартчилан үйлдвэрлэдэг. Үүнд хөндлөн огтлол талбайн хэмжээ (цагариг материалын хөндлөн огтлол) 0,35 мм  40,00 мм хүртэл байж болно. Хамгийн жижиг хэмжээтэй жийрэг резинийг Швейцарын цагны үйлдвэрт хэрэглэдэг ба түүний хэмжээс нь 0,7 × 0,2 мм-н хэмжээтэй байна. Дотор талын диаметр нь хэрэглээнээсээ хамаарч метрийн хэмжээстэй ч байж болдог (цэвэр, бохир усны хоолойн жийрэг). Хамгийн том хэмжээстэй цагариг резинийг сансар судлалын дуран болон атомын цахилгаан станцын цөмийн реакторт хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн дотор талын диаметр нь 10 метр гаран байдаг. Германы DIN 3771-1:1984-12 гэсэн стандартаар дотор талын диаметрийн хэмжээс 1,8 мм  17 мм хүртэл хөндлөн огтлолын талбай 1,8 мм-ийн хэмжээстэй. Хэрэглээнээс хамаарч дотоод диаметрийн шатлалын жишээ 6,0 / 6,3 / 6,7 / 6,9 / 7,1 / 7,5 мм. 14,0038,7 мм гэсэн хэсэгт цагариг материалын хөндлөл огтлол 2,65 мм хэмжээтэй, 18200 мм хэсэгт 3,55 мм цаашлаад 670 × 7 мм хүртэл байна.

Тосолгоо

Цагариг жийргэвчийг байнга хөдөлгөөнтэй байх эд ангид хэрэглэх тохиолдолд жийргэвчээ тосолбол түүний ашиглалтын хугацааг хамаагүй илүү сунгадаг. 

Зарим тохиолдолд жийргэвч цагаригийг үйлдвэрээс нь маш нарийн тараасан байдалтай тосолсон байдаг бөгөөд энэ нь ашиглалтын явцад ачаалагдах гадаргуу руу материалын бэлдсэн зайв завсраар гарч ирэн тослогдож байдаг. Өөр тохиолдол нь амархан арчигдахгүй, өтгөн тосолгооны материалыг цагариг жийргэвчид түрхэн, тодорхой хугацаанд тостой байх нөхцлийг бүрдүүлнэ. Бусад тохиолдолд тухайн жийрэг резинийг угсрах үедээ цагариг жийргэвч болон түүнийг суулгах гэж буй эд ангийн ханыг тослох ба тодорхой хугацааны дараа явцын дундах засварын ажлын үед шинийг солих боломжтой. Энэ зорилгоор угсрах ажилд зориулагдсан тосолгооны тос байх ба энэ тосыг ихэнх жийрэг резин тэсвэрлэх чадвартай юм.

Цахим холбоос

Monday, January 9, 2012

Нимгэн төмөр

Нимгэн төмөр гэдэг нь өнхрүүлэн элдсэн металл бүтээгдхүүнийг хэлэх бөгөөд түүнийг хавтан байдлаар нийлүүлдэг. Бараг бүх металлыг нимгэн хавтан болгон боловсруулах боломжтой. Маш нарийн нимгэн төмрийг (энэ төрлийн нимгэн төмөр нь 60 µм-ээс бага зузаантай) ялтсан металл гэж нэрлэдэг ба үүнд жишээлбэл хөнгөнцагаан ялтсан цаас эсвэл ялтсан алт зэрэг байна. 

Эхний бүтээгдэхүүн

Металл гулдмайн агуулах

Нимгэн төмөр үйлдвэрлэхийн тулд эхлээд түүнд зориулан бэлдсэн гулдмай хэрэгтэй. Энэ гулдмайг цулаар нь цутгах эсвэл татаасан цутгамалын аргаар үйлдвэрлэн гаргадаг.

Нимгэн төмрийн төрөл

Ган нимгэн төмрийг түүний шинж чанараас нь хамааруулан ялгана. Гэхдээ ихэнх тохиолдолд түүний зузаанаар нь хуваан ангилдаг. 

Зузаан багатай нимгэн төмөр

Нимгэн төмрийн боловсруулалт

Зузаан багатай нимгэн төмөрт 3 мм-ээс бага зузаантай хавтангууд орно. Ийм төрлийн зузаантай төмрийг халуун эсвэл хүйтнээр нь элдэн боловсруулах ба ихэнх тохиолдолд хэлбэрт оруулан ашиглах зорилгоор хэрэглэнэ. Ямар гангийн төрөл байгаагаас нь хамааруулан эдгээр нимгэн төмрийг цагаан тугалга, цайр, зэс, никель, будаг, эмульс болон хуванцараар зэврэлтээс хамгаалан бүрнэ. Энэ нимгэн төмрийг хавтан болон хуйлсан ороомог хэлбэрээр нийлүүлдэг. Мөн түүнчлэн зузаан багатай нимгэн төмрийг дотор нь түүний суналтаас нь хамааруулан ангилсан байдаг. 3мм хүртэлх зузаантай нимгэн төмрийг ашигладаг үндсэн гурван салбар бий:

  1. Автомашин үйлдвэрлэл ≈ 42 %
  2. Төмөр-, нимгэн төмөр- болон металлын аж үйлдвэр ≈ 20 %
  3. Цахилгааны техникийн үйлдвэрлэлд ≈ 15 %

Зузаан ихтэй нимгэн төмөр

Үүнд 3 мм-ээс 175 мм хүртэл зузаантай төмөр хавтангууд орно. Зузаан багатай нимгэн төмрөөс ялгагдах ялгаа нь хуйлан ороох боломжгүй зөвхөн хавтан байдлаар хийгддэг. Үйлдвэрлэх технологийн хувьд халуунааар нь элдэн боловсруулна. 

Нимгэн төмрийн стандарт хэмжээс

Дөрвөлжин хэлбэртэйгээр зүсэж бэлдсэн стандарт хэмжээс бүхий хавтангуудыг дараах хэмжээсүүдээр стандартлан хуваана.

  • жижиг хэмжээст хавтан төмөр 1000  мм x 2000  мм, хэвийн хэмжээст нимгэн төмөр хавтан ч гэнэ
  • дунд хэмжээст хавтан төмөр 1250  мм x 2500  мм
  • том хэмжээст хавтан төмөр 1500  мм x 3000  мм

Үүнээс гадна дараах стандарт хэмжээс бүхий нимгэн төмрүүд ч байна.

Стандарт хэмжээс (миллиметрээр)
Өргөн × Урт Урт / Хэт урт хэмжээстэй
2.000 × 6.000 8.000 / 12.000
2.500 × 6.000 8.000 / 12.000
3.000 × 6.000 8.000 / 12.000
3.500 × 7.000 14.000
4.000 × 12.000 16.000

Monday, September 12, 2011

Хийн урсгал судлал

Хийн урсгал судлал буюу пневматик гэдэг үг нь (эртний грек хэлээр pneuma πνεῦμα „амьсгал, салхи“) даралтат хийг ашиглан шинжлэх ухаан болон техникт механик ажил гүйцэтгэхийг хэлдэг. 

Ерөнхий ойлголт

Хийн хэлхээний бүдүүвч зураг
Хийн урсгал судлал нь бүх л техникийн хэрэглээнд даралттай хийг ашиглан ажил гүйцэтгэхийг нэрлэдэг. Үүний эсрэгээр, ажлыг гүйцэтгэхдээ шингэнийг ажлын медиум болгон хэрэглэхийг гидравлик хэмээн тодорхойлдог.

Орчны агаарыг шахсаныг даралттай хий (хуучнаар: шахсан агаар) гэж нэрлэнэ. Даралттай хийг олон төрлийн зорилготойгоор хэрэглэж болох ба жишээлбэл бодисыг цааш нь дамжуулах идэвхитэй хий (үүний жишээнд тээвэрлэх хий эсвэл будаг шүрших), эсвэл ямар нэг технологийн (жишээ нь хатаалт) процессийн хий болгон хэрэглэх мөн түүнчлэн шалгах хий болгон хэрэглэнэ.

Энгийн хэрэгцээний даралтат хийн төхөөрөмжүүд нь 6 бар хэт даралтанд (харьцангуй даралт) ажиллах бөгөөд энэ нь агаарын даралтаас долоо дахин илүү даралттай гэсэн үг юм. Өндөр даралтын түвшин шаардах хийн хэрэглээнд 18 бар хүртэл өндөр даралтын хүч шаардагдах ба үүнд ашиглах эд хэсэг нь тухайн даралтыг тэсвэрлэж чадах тусгай (жишээлбэл шланк, холбоос эд хэсэг гэх мэт) эд ангийг хэрэглэнэ. Зарим нэг онцгой тохиолдолд 40 бар хүртэл даралттай хийг ашиглах шаардлагатай байдаг (жишээ нь полиэтилен ундааны савны үйлдвэрлэл).

Даралттай хийн төхөөрөмжүүд нь бүгд дөрвөн хэсэг системээс бүрдэнэ: Даралтат хий үүсгэх, даралтат хийг бэлтгэх, даралтат хийг хуваарилах болон түүний жинхэнэ хэрэглээ. Даралттай хийг орчны агаарыг соруулан компрессороор шахан үүсгээд дараа нь бэлтгэх ажил болох шүүх болон хатаалт хийнэ. Үүний дараа даралттай хийн сүлжээгээр (хоолой- болон шланкаар хийсэн дамжуулаx хоолойнууд) дамжин түүнийг хэрэглэх газар аваачин техникт хэрэглэнэ.

Удирдаx систем

Шингэний техникт хавхлагийг ерөнхийд нь тохируулагч гишүүд гэж нэрлэх ба энэ нь ажлын гишүүдийг удирдах үүргийг гүйцэтгэнэ. Дараах эд хэсгийн бүлгүүд байдаг:

  • даралтын хавхлаг
  • тусгай хавхлаг (жишээлбэл: пропорционал хавхлаг)
  • хаалтын хавхлаг
  • урсгалын хавхлаг
  • замын хавхлаг

Ном зүй

  • Левин В. И. Профессии сжатого воздуха и вакуума. — М.: Машиностроение, 1989. — 256 с. — 15 000 экз. — ISBN 5-217-00601-3.
  • P. Croser, F. Ebel: Pneumatik, Grundstufe. Festo Didactic, Esslingen 2003, ISBN 3-540-00022-4.
  • G. Prede, D. Scholz: Elektropneumatik, Grundstufe. Festo Didactic, Esslingen 2001, ISBN 3-540-41446-0.
  • G. Vogel, E. Mühlberger: Faszination Pneumatik. Vogel Buchverlag 2001, ISBN 3-8023-1886-2.

Monday, January 31, 2011

Антиблок систем

Хянах самбар дээрх
АБС-ийн таних тэмдэг
Антиблок систем (англ. anti-lock braking system, ABS, товчлол: АБС) гэдэг нь техникийн систем бөгөөд энэ нь автомашины явалтын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх болон дугуйн гүйлтийн талбайн элэгдэлтийг багасгах зориулалттай систем юм. Антиблок гэдэг үг нь автоматаар блоклох буюу түгжихийг хориглох гэсэн утгатай ба үүнийг ихэвчлэн тээврийн хэрэгсэлд хэрэглэдэг. Мөн галт тэрэг болон нисэх онгоцны явах ангид хэрэглэх нь ч бий.

АБС нь тоормос гишгэх үед дугуйнуудын эргэлтийг түгжин зогсоох тоормосны даралтыг бууруулах үйлчилгээтэй ажиллана. Ингэснээр автомашин болон онгоц нь тоормос гишгэсэн үед ч жолоодох боломжтой болон явж буй мөрнөөс гарахгүй байх бололцоог олгодог. Үүнээс гадна энэ систем нь дугуйн хий эргэлтийг тохируулсанаар нойтон зам дээр тоормосны замыг багасгадаг. Харин хуурай болон сул шороотой зам дээр эсрэгээр буюу тоормосны замыг уртасгах талтай байдаг. 

Түүх

1903 онд францын Паул Алло төмөр замын тээврийн хэрэгсэлд зориулсан тоормосны хүчийг тохируулагчийн патентыг бүртгүүлсэн байдаг.[1][2] 1928 онд германы зохион бүтээгч Карл Вэссел авто тээврийн хэрэгсэлд зориулсан тоормосны хүч тохируулагчийн патентыг өөртөө авав.[3][4] Мөн түүнчлэн Роберт Бош 1936 онд "Тээврийн хэрэгслийн дугуйг хатуу тоормослохоос сэргийлэх төхөөрөмж" гэх бүтээлдээ патент авчээ.[5][6] Фриц Оствалд 1940 онд цахилгаан механикийн ажиллагаа бүхий тоормосны хүчийг тохируулагчийг танилцуулсан ба тэрбээр энэ төхөөрөмжөө туршилтаар ажиллагааг нь шалгасан байна.[7]

Хамгийн анхны тоормосыг блоклохоос хориглогчийг Америкийн Нэгдсэн Улсын зохион бүтээгч Винсент Хуго Бендикс агаарын тээврийн хэрэгсэлд туршжээ. Нисэх онгоц нь газардах үедээ өндөр хурдтай байх тул энэ үед нь тоормослоход газардлагын эгнээнээс гарахгүй зогсох ёстой юм. 1952 оноос эхлэн олон тооны зэвсэгт хүчний болон тээврийн зориулалт бүхий агаарын тээврийн хэрэгсэлд Данлоп Рабберийн хөгжүүлсэн Максарет-Анти-Скидээр тоноглох болов.[8] 1961 онд германы зохион бүтээгч Герхард Бахманн дүүжин тээврийн хэрэгсэлд зориулсан тоормосны хориглогчийн системийн патентыг авчээ.[9] Энэ систем нь дүүжин кабиныг тоормослох үед савлахаас хамгаалах ёстой юм. Түүнийг Айбзеен дүүжин галт тэргэнд анх удаа хэрэглэсэн гэж бөгөөд энэ нь дэлхийд цорын ганц гэж тооцогддог.

Эх сурвалж

  1. Patent US845633A: Brake for vehicles.
  2. Hans-Rolf Reichel: Elektronische Bremssysteme. S. 43.
  3. Patent DE492199C: Bremskraftregler, insbesondere für Kraftfahrzeuge.
  4. Hans-Rolf Reichel: Elektronische Bremssysteme. S. 44.
  5. Patent DE671925C: Vorrichtung zum Verhüten des Festbremsens der Räder von Fahrzeugen. Angemeldet am 15. September 1936, veröffentlicht am 16. Februar 1939, Anmelder: Robert Bosch GmbH. 
  6. Bosch.com: 50 Jahre Bosch — ABS-Geschichte. Robert Bosch GmbH
  7. Hans-Rolf Reichel: Elektronische Bremssysteme. S. 49. 
  8. www.aviationancestry.com. Dunlop Maxaret Anti-Skid.  
  9. Patent DE1252228B: Steuerung einer Tragseilbremse für Drahtseilbahnen. Angemeldet am 30. März 1961, veröffentlicht am 19. Oktober 1967, Anmelder: Pohlig-Heckel-Bleichert Vereinigte Maschinenfabriken Aktiengesellschaft, Erfinder: Gerhard Bachmann et al. 

Хүлцэл (техник)

Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудл...

Хамгийн их уншсан өгүүллэг