Saturday, February 14, 2015

Цөн

Цөн гэдэг нь эрт дээр үес бэхэлгээний зориулалтаар бэлдэц болон материалыг хооронд нь холбоход хэрэглэдэг хамгийн энгийн хийц юм. Үндсэндээ толгойгүй хадаас гэсэн үг бөгөөд машины эд хэсэгт өөрийн гэсэн бүлэгтэй. Цөн нь маш олон хэлбэр дүрстэй байдаг, жишээ нь:

  • Цилиндр цөн
  • Конусан цөн
  • Харимхай цөн
  • Ховилт цөн

Цөнгөөр хоёр болон түүнээс дээш эд хэсгийг хооронд нь хэлбэрт холбоосоор босоо тэнхлэгийн дагуу бүх эд хэсгийг нэг байрлалд нүхэлсэн нүхэнд шургуулан түгжих буюу бэхлэг хийдэг. Хэрэв цөнгийн хэмжээс нь (цилиндр цөнгийн хүлцэл өндөр) нүхний хэмжээнээс том байгаад түүнийг тэр нүхэнд хүч хэрэглэн оруулсанаар хүчний холбоос үүсэх бөгөөд энэ тохиолдолд цөн мултарч унах аюулгуй болно.

Цөнгөөр эд хэсгийг хооронд нь бэхлэх зориулалтаас гадна нугасан холболтоор холбогдох хэсгүүдийн хоорондоx холбоосоор бас хэрэглэдэг. Мөн хүч хязгаарлаx зориулалтаар цөнг хэрэглэх, эсвэл титэмт эрэгийг эргэхээс хамгаалан эргэлтийн хамгаалагч, эсвэл тэнхлэгийн дагуу (аксиал) диаметр томтой цөнгөөр (шплинт) хамгаалалт хийнэ.

Стандартын тайлбар

Жишээ нь:
Цилиндр цөн EN ISO 8734 - A - 4x20 - dff
Нэршил: Цилиндр цөн
Стандарт: EN ISO 8734
Хэлбэр буюу төрөл: А
Хэмжсэн диаметр x Хэмжсэн урт (миллиметрээр): 4 x 20
Материал: Ган

Төрөл ба хэлбэр

Хаана хэрэглэхээс хамааран төрөл бүрийн цөн байдаг ба үүнийг дараах байдлаар ялгана:

Цилиндр цөн

Энгийн цилиндр хэлбэртэй үзүүрийн ирмэгийг нь ихэнх тохиолдолд бөөрөнхийлөх буюу өнцөг гаргана. Энэ төрлийн цөнг эд хэсгийн холболт болон бэхлэх зориулалтаар хэрэглэнэ. Цилиндр цөнг хэзээ ч буцаан задрах шаардлагагүй буюу маш цөөн удаа эргэж задрах байрлалын түгжих холболтонд хэрэглэнэ. Цилиндр цөнгийн хэрэглээ нь нэмэлт ажлын алхам болох өрөмдсөн нүхний үрэлтээс шалтгаалан өртөг өндөртэй. EN ISO 2338 (хатууруулаагүй) буюу EN ISO 8734 (хатууруулсан буюу хатаасан ган) гэсэн олон улсын стандартаар стандартчилагдсан.

Цилиндр цөн

Конусан цөн

Бага зэргийн конус хэлбэртэй (конусын нарийсалт C = 1:50) гэхдээ конусын шовx үзүүрийн оронд мохоо бөөрөнхий болгосон байдаг. Байнгын задлах болон угсралтаас шалтгаалан нүхний хэмжээ цаг өнгөрөх тусам томроx ба энэ нь хэзээ нэгэн цагт шинээр эд хэсэг болон цөн худалдаж авах хэрэг болдог. Ийм тохиолдол гаргахгүйн тулд конусан хэлбэрийн цөнг хэрэглэх бөгөөд түүний давуу тал нүх томорсон ч гэсэн суулт хэвээрээ учир холболт найдвартай холболт болж өгч чаддаг. Конусан цөн хэрэглэx нүх мөн конус хэлбэртэй байх ёстой учир цилиндр цөнтэй адил өртөг өндөртэй[1].

Стандарт нь EN 22339 дугаараар стандартчилагдсан. 

Конусан цөн

Ховилт цөн

Цөнгийн хүрээнд нь ховил гаргасан байдаг. Энэ ховилууд нь хэрэглэх зорилгоосоо хамааран төрөл бүрийн хэлбэртэй (суулгаx ховилт цөн, тээглэх ховилт цөн, конусан ховилт цөн болон таараx ховилт цөн, мөн үзэх EN ISO 8740 ... 8747). Ийм ховил хийж өгснөөр ховилт цөн нь маш гөлгөр гадаргуунд ч сэгсрэлтээс шалтгаалан мултарч гараxгүй, задлаад буцааж хийсэн ч тогтвортой барилттай байдаг. Мөн энэ ховилоор (цилиндр ховилт цөн) үндсэн нүхэнд байгаа агаар түрэгдэн гарах сайн талтай. 

Ховилт цөн

Харимхай цөн

Харимхай цөн нь ховилт цөнтэй адилхан нөлөөг үзүүлдэг пүршний материалаар хийгдсэн богинохон хийцтэй байна. Харимхай цөнгийн урт хувилбарыг харимхай бүрхүүл гэж нэрлэдэг.

Бүх цөнд хамааралтай: Хэрэв цөнг нэвт бус нүхэнд (мухар нүх) хэрэглэхдээ гадна илүү гарч байгаа талд нь буцааж задлах буюу сугалах зорилгоор нүхлэн, тэр нүхэндээ эрээс татаж өгдөг. 

Харимхай цөн

Тооцоолоx

Цөнт холбоосын тэсвэрлэx буюу даацын нотолгоог гаргаxдаа ямар ачаалал давамгайлж байгаагаас хамааруулан тооцдог.

  • Цөнгийн шилжилтийн хүчдэл (огтлоx)
  • Цөн болон нүхний хоорондын гадаргуугийн шахалт
  • Цөнгийн гулзайлтын хүчдэл

Эх сурвалж

  1. http://www.tedata.com/2257.0.html

Thursday, February 12, 2015

CNC-Машин

CNC-Машин (анг. computrized numerical control) гэдэг нь орчин үеийн удирдлагын техникийн тусламжтайгаар нарийн төвөгтэй хэлбэртэй бэлдцийг маш өндөр нарийвчлалтайгаар автоматаар үйлдвэрлэх чадвартай суурь машиныг хэлнэ. Гар тохируулга бүхий механик удирдлагатай суурь машинаас хурд болон нарийвчлалаар хамаагүй илүү.

CAM-систем нь, CAD-программаас мэдээлэл (CAD-программаар зурсан техникийн зургийн мэдээлэл) хүлээн авч түүнээ тодорxой хүчин зүйлүүд болох багаж хэрэгслийн геометр, эргэлтийн тоо, давших хөдөлгөөний хурдыг харгалзан, постпроцессорын (хөрвүүлэгч процессор) тусламжтайгаар CNC-программ болгон хөрвүүлэн хэрэглэх боломжтой юм. Гараар удирдлагын самбарт мэдээлэл оруулахаас гадна бас өөр нэг энэ төрлийн арга болох Teach-In хэмээх арга байдаг ба үүнийг үйлдвэрийн программчлал гэж нэрлэдэг. Энэ төрлийн CNC-машин нь суурь машин дээрээ өгөгдлийн самбарт дүрсийн геометр зураг оруулах шаардлагатай бөгөөд түүний дагуу CNC-программ болгон хөрвүүлнэ.

CNC-машиныг дотор нь цэгэн удирдлагатай, чиглэлийн удирдлагатай болон замын удирдлагатай гэж ангилдаг.

Орчин үеийн CNC-машинууд ажиллагааны зургаан тэнхлэгтэй бөгөөд дөрвөөс зургаа хүртэлх тэнхлэг нь (A, B, C) үндсэн тэнхлэгийг ( X, Y, Z) тойрон эргэх эргэлтийг тэмдэглэн туслах тэнхлэг гэж нэрлэдэг.

CNC-машиныг хэрэглэхэд олон ажилчны шаардлага байхгүй, учир нь тухайн бүтээгдэхүүн тодорхой шалгуураар шалгагдан машины бүх тохиргоо хийгдэхээс гадна зарим нэг бүрэн автомат машин нь үйлдвэрлэлийн процесс болон бүтээгдэхүүний чанар шалгалтыг давхар шалгадаг. Мөн өөрийн багаж хэрэгслийн элэгдэл болон гэмтлийг бүрэн автоматаар хянах системтэй байдаг. Хуучны суурь машиныг стандартчлагдсан эд ангиар солин орчин үеийн CNC-машин болгон өргөтгөx боломжтой.

CNC-машинуудад тэнхлэгийнxээ явсан замыг хэмжих хоёр арга бий: Замыг шууд хэмжих систем нь шилэн масштабаар хөдөлж байгаа тэнхлэгийн байрлалыг шууд хэмжинэ. Шууд бус аргаар хэмжих систем нь моторын эргэлтийн өнцөг эсвэл шпинделийг хэмжин тэнхлэгийн шугаман байрлалд шилжүүлэн тооцно. Энэ хоёр аргыг хоёуланг нь харьцангуй болон алхмаар тооцох хэмжилтийн байдлаар ашиглаж болдог.

Хөдөлгөөний удирдлага (CNC) болон машин хоорондын холбогчийн үүргийг хадгалан программчлаx удирдлага (ХПУ) гүйцэтгэнэ. ХПУ-ын систем дээр машин үйлдвэрлэгчээс бичсэн программ тухайн машины үйлдвэрлэлийн төрөл, хамгаалах хаалга, хөргөх шингэн, тосолгоо болон бусад агрегат ажиллаж байгаа эсэхийг шалгадаг. Энэхүү холболтын программ нь тухайн машины найдвартай ажиллагаа, өөрийгөө хянах чадвар, ашиглалтын явцад алдаа бага гараx зэргийг тодорхойлох бөгөөд машиныг нийлүүлснээс хойш өөрчлөгддөггүй. Машины эцсийн хэрэглэгч энэ програмыг харах шаардлага ихэнх тохиолдолд байдаггүй. 

Цахим холбоос

Wednesday, February 11, 2015

Механик инженер

CAD-Программ, механик инженерийн
ажлын үндсэн багаж хэрэгсэл
Механик инженер буюу машин үйлдвэрлэлийн инженер нь машин үйлдвэрлэлийн инженерийн мэргэжлээр сурч төгссөн инженерийн мэргэжлийн нэр юм. 

Үндсэн ажил

Ямар чиглэлээр гүнзгийрүүлэн сурснаас шалтгаалаад машин үйлдвэрлэлийн инженерийн гүйцэтгэх ажлын хүрээ сонгодог механик инженерийн шинжлэх ухаанаас гадна зохион бүтээх техник, машин техникийн хөгжил, аж үйлдвэрлэл болон автомашин техник, нарийн багаж хэрэгслийн техник, материал судлал, урсгал судлалын механик, термодинамик, механик, удирдлага- болон тохируулгын техник гэx мэт болон бусад салбарууд орно.

Машин үйлдвэрлэлийн инженерийн (механик инженер) үүрэг нь сурсан мэргэжлийнхээ дагуу мэдэгдэж байгаа болон мэдэгдэхгүй байгаа асуудлуудыг системтэйгээр шийдэн тодорхой шийдэлд хүрэх арга замыг олох, түүний цаашдын стратегийг тодорхойлон мөн олсон шийдлээ баримтжуулах явдал юм.  

Сургалт

Машин үйлдвэрлэлийн инженерүүд
туршилтын талбайд
Механик инженерийн их дээд сургуулийн сургалт ихэнхдээ 3,5 - 4 жил үргэлжлэх бөгөөд Бакалавр инженер гэсэн академийн цолтой төгсөх ба үүний дараа Магистр инженер цолыг 1,5 - 2 жилийн хугацаатай сурч байж авдаг. Сургалтын агуулга үндсэндээ математик, байгалийн шинжлэх ухаан болон инженерийн шинжлэх ухааны үндэс сууриас бүрдэнэ. Математик нь үндсэндээ ямар нэг асуудлыг дүрслэх болон шийдэлд хүрэхэд туслалцаа үзүүлэх үүрэгтэй бол физик болон химийн үндэс нь хоорондын ерөнхий хамаарлыг ойлгоход тусалдаг. Мөн мэдээлэл зүй сүүлийн жилүүдэд сургалтын чухал хэсгийн нэг болоод байгаа нь түүний хэрэглээ машин үйлдвэрлэлийн инженерийн олон бүрэлдэхүүн хэсэг болох CAD, FEM (төгсгөлөг элементийн арга) болон CFD-г түүнгүйгээр төсөөлөхөд бэрх болсон.

Сургалтын үндсэн цөмийг мэдээж хэрэг инженерийн шинжлэх ухааны хичээлүүд болох механик, материал судлал, зохион бүтээх онол, цахилгаан техник, термодинамик, урсгал судлалын механик болон хэмжилт-, удирдлага- болон тохируулгын техникээс бүрддэг. Эдгээрт бүх дараагийн нарийн мэргэшил суурилах ба үүн дээр хэрэглэгдэх арга барил болон журам нь түүнийг сүүлд ашиглаж сурах үндэс суурь болдог. 

Машин, түүний эд анги болон материалын тухай нарийвчлан сурахаас гадна тэдгээрийн хоорондын хамаарал болон асуудлыг шийдэх арга замыг олох аргачлалыг суралцана. Ирээдүйн инженерүүдэд системээр нь бодож тунгаах, энэ системийг таньж мэдэх түүнээ задлан ойлгож сурах арга барилыг чухалчлан заадаг. Ингэснээр нарийн төвөгтэй систем болох цахилгаан станц, автомашин, эсвэл онгоцыг түүний задрах бүх жижиг хэсэгт нь задлан, түүндээ оновчтой шийдэл олсны дараа түүнээ буцаан бүтэн систем болгон үйлдвэрлэх ур чадварт суралцдаг.  

Суралцаж дуусаад Bachelor of Science / Master of Science эсвэл Bachelor of Engineering / Master of Engineering (монг. Бакалавр инженер / Магистр инженер) инженерийн диплом авах ба үүний дараа академийн Bachelor / Master of Science (B.Sc. / M.Sc.) эсвэл Bachelor / Master of Engineering (B.Eng. / M.Eng.) цолыг нэрийнхээ өмнө цоллуулах эрхийг албан ёсоор хүлээж авна. 

Ажил олгогч

Машин үйлдвэрлэлийн инженерүүд ихэвчлэн машин-, аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн техник болон автомашины үйлдвэрүүд, тэдгээрийн ханган нийлүүлэгч компаниуд эсвэл энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад (жишээ нь: инженерийн техник эдийн засгийн тооцоо хийдэг компани) ажилладаг. Мөн түүнчлэн их дээд сургуульд судалгааны ажилтан болон инженер техникийн багшаар ажиллах ба үүгээр зогсохгүй цаашлаад олон инженерүүд хувийн техникийн зөвлөгөө болон үйлчилгээний хөдөлмөр эрхлэх нь бий.

Мэргэжлийн талбар

Механик инженерүүд нь компанийн төрөл бүрийн хэсэгт ажилладаг. Үүнд: борлуулалт, худалдаа, зохион бүтээх хэлтэс, үйлдвэрлэл, сервис үйлчилгээ цаашлаад логистик бүр маркетингийн хэлтэс ч ажиллаx нь бий. Эдгээр хэлтэстээ зохион бүтээх инженерээс гадна, компанийн эзэмшигч, хэлтсийн-, салбарын-, бүлгийн-, багын эсвэл төслийн удирдагчийн албан тушаал эрхэлдэг.

Механик инженерүүдийн сонгодог мэргэжлийн хэсэгт:

  • Зохион бүтээх инженер
  • Тооцооны инженер
  • Бүтээгдэхүүний хөгжлийн инженер
  • Үйлдвэрлэлийн технологийн инженер
  • Үйлдвэрийн техникийн инженер
  • Борлуулалт, худалдааны инженер

Friday, January 30, 2015

Техникийн зураг зүй

Ус тээвэрлэx төхөөрөмжийн
дүрслэл ойролцоогоор 1205 оны үе
Техникийн зураг зүй нь тодорхой техникийн стандарт шаардлага хангасан архитектор, барилгын мэргэжилтэн, техникийн мэргэжилтэн, техникийн бүтээгдэхүүний дизайнер (анг.: technical product designer), зохион бүтээх инженер, барилгын инженер, болон дизайнерууд зурсан техникийн зураг орно.  

Техникийн зураг зүйн түүx

Техникийн зургийг гараар зурж байсан үеийн түүх

Техникийн зургийн үндэс суурь болох олон олон геометрийн хуулиудыг МЭӨ үеийн алдарт математикчид болох Самосын Пифагор эсвэл Александрын Евклидын нээн судалж байсан байна.

Дундад зууны үеэс 18-р зуун хүртэл

Архитектор, техникийн зураг зүйн эхлэл нь дундад зуунд буюу дундад зууны өмнөх үеэс эхлэн хэрэглэж ирснийг нотлох баримтууд байдаг. Үүнээс арай эртний хөтлүүрийн зураг бол Ал-Жазарын зурсан зургийг оруулах ба үүний хийц нь дүүжин жингийн зарчим дээр ажилладаг машины зураг бий. Техникийн зураг зурах чухал нөхцөлүүдийн нэг нь Филиппо Брунеллешийн 1420 онд нээсэн нээлт буюу төвийн проекцын арга юм. Энэ дүрслэлийн аргыг дэлгэрүүлэхэд Албрехт Дюрерын гүйцэтгэсэн үүрэг их[1]. 15-р зуунд Такколагийн зурсан усан тээрмийн зураг болон өөр бусад техникийн зургуудыг нэрлэж болно. Үүний дараа техникийн зургийг илүү нарийн болгон хөгжүүлсэн хүмүүсийн тоонд Леонардо да Винчи зүй ёсоор орно. Тэрээр машин болон машины эд ангийн зургаа зөвхөн бодитоор нь зурах бус харин хүнд ойлгомжтой болгох үүднээс зурсан зургууддаа нэмэлт харагдац нэмэн оруулдаг байв. 

Таккола тээрэм 1430 он хавьцаа
Яг техникийн зураг зүй гэдэг салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг Георгиус Агрикола бөгөөд тэрээр уул уурхай болон ашигт малтмалыг боловсруулах талаар өөрийн бичсэн металл судлал "De re metallica libri XII" номдоо (1555 онд хэвлэгдсэн) техникийн зургаар тайлбар хийсэн байдаг[1]. 

Дараагийн алхмыг хийсэн хүн нь Леонхард Кристоф Стурмсын 1718 онд бичсэн "Тээрэм барих урлаг" хэмээх номдоо анх удаа масштаб хэрэглэн зурсан байдаг. Мөн хэрэглэх материалын талаар ч энэ номдоо дурдсан байдаг байна[1].

Техникийн зураг зүй 19-р зуунд

Техникийн зургийн дараагийн хөгжлийн үеийн баримт нотолгооны нэг нь 19-р зууны эхээр патентлагдсан бүтээлүүд орно. Хамгийн анхны патентыг Англид 13-р зуунд өгч байсан учир патентын жагсаалтад бүр эртний техникийн зураг байх магадлал ч бий. Техникийн зураг зүйн шинжлэх ухаан нь өнөөдрийн түвшинд хүртлээ олон зуун жилийн турш хөгжин боловсрогдсоор ирсэн.  

Техникийн зураг зүй 20-р зуунд

20-р зууны эхэн үед (бараг 1965 он хүртэл) зураг зурахад харандаа болон тушээр нэвт харагддаг цаасан дээр л зурдаг байв. Дараа нь зургийн налуу ширээ гарсан ба үүн дээр цаас тогтоогч төмөр хадаасаар тогтоон хэрэглэдэг байв.  

Орчин үе буюу компьютерын туслалцаатай техникийн зураг зурах

1960-аад оны дундаас эхлэн компьютер лүү аажмаар шилжин, CAD-программ (анг.: computer-aided design [kəmˈpjuːtə ˈeɪdɪd dɪˈzaɪn], монг.: компьютерын тусламжтай зохион бүтээх) болон зураг хэвлэгчийг (монгол улсад энэ төрлийн зургийн программ сүүлд 2000 оноос хойш өргөнөөр хэрэглэж эхэлсэн) хэрэглэх болсон. Эдгээр программууд нь анхандаа зөвхөн хавтгайд зуран түүнийгээ олон талаас проекцлох боломжтой байв. Үүгээр үндсэндээ цаас харандааг дижитал хадгалах системээр сольсон. Программ ашиглан зураг зурах арга барил нь анхандаа гараар харандаа барин зурахтай бараг адил байсан ба харин давуу тал нь зургаа хурдан хугацаанд өөрчлөлт хийн олноор хувилах байв. Мөн зурсан зургаас хэсэгчлэн хуулж өөр зурагт хэрэглэх буюу хуулах арга барил (Copy & Paste) шинээр нэмэгдэн гарч ирсэн нь зураг хугацааг богиносгоx мөн түүнийг маш энгийн аргаар олноор олшруулах гэх мэт давуу талуудтай. Орчин үеийн техникийн зураг нь үндсэндээ компьютерын дэлгэцийн өмнө л бий болж байна. 

Техникийн зургийн программыг дараагийн шатанд гаргасан нэгэн шинэчлэл бол 1980-д оны дундуур гарч ирсэн 3D-дүрслэл юм. Энэ дүрслэлийн арга нь хуучны программтай адил техникийн зураг зурах биш харин объектын 3D-загвар (моделл) гарган түүнээ техникийн зураг болгон хувиргадаг. Өнөөдөр энэ төрлийн программууд дээр төрөл бүрийн зургийн харагдац, дурын өнцгөөр зүсэлт хийх, дурын проекцлол хийсэн техникийн зургийг анхны загвараасаа хувирган гаргах боломжтой. 

CAD техникийн зураг

Холхивч
1990 оны дунд үеэс эхлэн орчин үеийн техник технологийн хөгжил техникийн зургийн систем болох CAD, CAM-систем (анг. Computer-aided manufacturing, монг. компьютерын тусламжтай үйлдвэрлэл) улам боловсрон хөгжсөн.  

Техникийн зураг зүйн дүрэм болон норм

Зураасны төрөл

Техникийн зурагт хэрэглэх олон төрлийн зураас нь өөр өөр гэсэн утга агуулгатай байна. Үүнийг ISO 128 нормоор түүний утга болоод хэрэглээг маш тодорхой тогтоож өгсөн байдаг. Жишээ нь өргөн зураасаар биетийг дүрслэх зураас буюу зах буланд ашиглах бол нарийн зураасаар зүсэлт, хэмжээсний зураас, арааны шүдний хөлийн тойрог гэх мэтэд ашиглана. Харин тасархай зураасаар харагдахгүй байгаа биетийн булан болон хүрээг, гараар татсан зураасаар урт биетийг дундуур нь тасалсан богиносгон дүрсэлснийг илэрхийлнэ.  

Эскиз хийх

Эскиз бол эцсийн үр дүн байхаар зориогүй, түргэн гүйцэтгэгддэг, гараар зурсан зураг юм. Ерөнхийдөө эскиз хийнэ гэдэг бол өөрийн санаагаа дараа ашиглах зорилгоор буулган авах түргэн арга. Архитектурчийн эскиз нь голдуу өөр санаануудыг хэрэгжүүлэхэд болон эцсийн үр дүн болсон ажлыг гүйцэтгэхийн өмнөх суурь зохиомжийг хийхэд хэрэглэгддэг.  

Гар аргаар буюу багажаар

Зураглалын үндсэн журам бол хэсэг цаасыг тэгш өнцгүүдтэй, тэгш талуудтай шулуун гадаргуу (зураглалын самбар) дээр байрлуулах юм.  

Ном зүй

  • Hans Hoischen, Wilfried Hesser: Technisches Zeichnen. 31. Auflage. Cornelsen Verlag, Berlin 2007, ISBN 3-589-24130-6

Эх сурвалж

  1. Günther Bayerl: Technik in Mittelalter und Frühzeit Konrad Theiss, Stuttgart 2013, ISBN 978-3-534-25232-9.

Wednesday, January 28, 2015

Актор

Хавхлагатай дүүжин мотор
Акторууд нь (хувиргагч/хөрвүүлэгч; хөтлөгчийн эд анги) цахилгаан дохиог (жишээ нь: удирдлагын компьютерээс гарч байгаа тушаал) механик хөдөлгөөн эсвэл физикийн хэмжээс рүү (жишээ нь: даралт эсвэл температур) хөрвүүлэн шууд удирдлага- болон тохируулгын системийг идэвхтэй нөлөө үзүүлж тодорхой хэмжээс ямар байхыг зааж өгдөг. Энэ хувиргах ерөнхий процессыг акторик гэдэг.

Хэрэглээ

Хэмжилт-, удирдлага- болон тохируулгын техникт акторыг мэдрэгчийн нөгөө тал буюу дохио хөрвүүлэгчид хамааруулаx ба тухайн хэлхээнд тохируулагч гишүүн болдог. Акторууд нь дохиог механик ажил (ихэнх тохиолдолд) болгоx тохируулгын (хөдөлгөөний тохируулга) хөрвүүлэлтийг хийнэ. Жишээ дурьдахад хавхлагыг нээх буюу хаах үйлдэл. Роботын салбарт эффектор гэдэг нэр томьёо ихээхэн хэрэглэгдэх бөгөөд энэ нь Актортой яг адилхан утгатай юм. Эффектор нь роботыг хөдөлгөөнд оруулах үүргийг гүйцэтгэдэг. 

Акторын зарчим

  • индуктив ажиллагаатай цахилгаан мотор
  • Биметалл-Акторууд
  • Гидравлик- эсвэл пневматик-актор, жишээ нь: Integrated Power Actuator (IPA)
  • Цилиндр
  • Цахилгаан химийн акторууд
  • Цахилгаан механикийн акторууд
  • Скотч-Ёоке-Акторууд
  • Пиецоактор
  • Соронзон гажилтын-актор
  • Урсгалын (реологийн) актор
  • Хэлбэрээ санах ойтой хайлш
  • Цахилгааны идэвxтэй полимер-акторууд

Шинээр гарч байгаа материалуудаар хийсэн, тодорхой орчны өөрчлөлтөөс шалтгаалан хувирах акторууд ч мөн бий. Энэ төрлийн ганцхан элементээс бүрдсэн актор нь цахилгааны иж бүрэн хэлхээг орлож байна. Санах ой бүхий металлын хайлшаар хийсэн актор болон сунах бодисын элементүүд нь маш бага температурын өөрчлөлтийг мэдэрдэг учир түүнийг жишээлбэл температурын тохируулагчаар хэрэглэнэ.

Ном зүй

  • B. Schröer: Aktoren in der Mikrosystemtechnik. In: Sensor-Magazin. 1992, ISSN 0179-9592, Nr. 1, 23–25, Nr. 2, S. 10–13.

Thursday, January 22, 2015

Ажлын машин

Мотор (хүчний машин) болон
шахах насос (ажлын машин)-ны
ерөнхий бүдүүвч зураг
Ажлын машин гэдэг нь хөтлөгдөх машин бөгөөд энэ нь энергийг механик ажил болгон хүлээн авдаг. Ажлын машин нь хөтлөгч, мотор эсвэл хүчний машинаас (зарим тохолдолд ингэж нэрлэх нь ч бий) яг эсрэгээрээ механик энергийг цааш нь дамжуулах үүрэгтэй. Учир нь тодорхой энергийг хүлээн авч механик энерги болгон өгдөг учраас. Хөтлөгчтэй уялдуулан зарим тохиолдолд ажлын машиныг хөтлөгдөгч гэж нэрлэх нь ч бий. 

Ажлын машин хөтлөгчтэй механик холбоосоор холбогдоно. Ийм холбоос ихэнх тохиолдолд эргэх гол байдаг. Мөн өөр төрлийн хэлбэртэй ч байж болох ба үүнд хөшүүрэг, нарийн саваа буюу туйван, төмөр олс болон туузан дамжуулагч орно. 

Холбогч муфтийн (авалцуур) тусламжтайгаар хүчний болон ажлын машиныг хооронд нь салгах боломжтой. Хүч дамжуулагчаар мөн хөдөлгүүрийг ч ашиглах боломжтой. Ажлын машины үндсэн үүрэгт эрчим хүч үүсгэх эсвэл дамжуулах, эсвэл хатуу бодисыг тээвэрлэх, зөөх, жижиглэх, шахах, холих, шүүх гэх мэт. Зарим ажлын машин нь энергийг хүлээн авах болох дамжуулах үүргийн аль алиныг гүйцэтгэх ба энэ төрлийн машин нь хүчний болон ажлын машин болон хувирах чадвартай гэсэн үг. Жишээлбэл үүнд авалцуур гол, турбин насос, генераторууд орно. 

Шингэний энергийн машин нь мөн ажлын машин бөгөөд энэ нь хүлээн авсан энергиэ шингэн бодис болон ямар нэг хийд шингээх үүрэгтэй, Жишээ нь насос, шахуурга, үлээгч сэнс болон агааржуулагч гэх мэт. 

Thursday, April 24, 2014

Хүлцэл

Хүлцэл нь тухайн системийн хэвийн төлөв байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэж буй нөлөөллийн эсрэг ямар нэг тохиргоо эсвэл арга хэмжээ шаардлагагүй байх системийн төлөв байдлыг нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тухайн системийн ажиллагаанд саад болохгүй байх  хэвийн төлөв байдлын тоо хэмжээ буюу хэвийн хэмжээсийг хүлцэл хэмээн хэлнэ.

Олон улсад ерөнхий xүлцлийг булангийн хүснэгтэд ямарваа өөр стандартын дугаар байхгүй тохиолдолд ISO 2768-2 стандартаар мөрдөнө. 

Үйлдвэрлэлийн хүлцэл

Хоорондын хамаарал бүхий эд хэсгүүдийн хүлцэлийг зүй зохистойгоор тогтоон тодорхойлсон үед эд хэсэг бүрийг бүтнээр нь солих бололцоог олгох ба үүгээр цуврал үйлдвэрлэлт болон олноор үйлдвэрлэx боломжийг олгодог. Хүлцэл нь мөн хоёр эд хэсгийн хоорондын хүлцэлийг зорилготойгоор хүссэн сул тааралт эсвэл хэт зуурамтгай тааралтыг тохируулан хийх боломжийг олгоно.

Үйлдвэрлэлд хүлцэлийг болж өгвөл хаягдал гаргахгүй байх талаас бодож тогтоох ёстой.

Tuesday, January 14, 2014

Машин үйлдвэрлэл

Машин үйлдвэрлэл нь (мөн машин судлал) аж үйлдвэрийн сонгодог салбар буюу инженерийн сонгодог шинжлэх ухаан юм. Энэ салбар нь машины хөгжил, хийц ба үйлдвэрлэлийг дотроо агуулдаг.

Машин үйлдвэрлийн салбарт

  • Эрчим хүчний байгууламж, эрчим хүчний машин (уурын машин, хөдөлгүүр, турбин)
  • Үүсгүүр, металлург, үйлдвэрийн байгууламж, дахин боловсруулалт, хаягдал шатаах байгууламж, түүхий эд олборлолт


Машин үйлдвэрлэлийн түүх

Механик инженер нь хамгийн эртний шинжлэх ухаан бөгөөд түүний суурь шинжлэх ухаан нь сонгодог физик (ялангуяа сонгодог механик) юм. XVIII зуунаас эхлэн инженерийн бие даасан мэргэжил болон хөгжсөн. Байгалийн шинжлэх ухааны ололт нээлтүүд нь механик инженерийн салбарт хэрэглээгээ олдог байлаа. Аж үйлдвэрийн хувьсгалын цаг үеэс эхлэн дэлхийг богино хугацаанд асар хурдацтайгаар өөрчилсөн.

МЭӨ машин үйлдвэрлэл

  • Ойролцоогоор МЭӨ 700 он: Бабилоны усан тээрэм, механик инженерийн хийц
  • Ойролцоогоор МЭӨ 550 он: Эргэх машин, анхны фрезерийн эргэх суурь машин
  • Ойролцоогоор МЭӨ 340 он: Аристотелийн тодорхойлолт: Хөшүүрэг, шурагийг машин хэмээн нэрлэж эхэлсэн
  • Ойролцоогоор МЭӨ 200 он: Алексдриагийн Герон анхны дулааны хүчний машин

Машин үйлдвэрлэл, инженерийн шинжлэх ухаан

Хамаарал

Механик инженерийн салбарыг инженерүүд, техникчид болон мэргэжсэн ажилчид бүрдүүлдгээрээ онцлог юм. Эдгээр хүмүүс нь тухайн компанийн хэр зэрэг өргөн хүрээтэй үйлдвэрлэл явуулдгаас шалтгаалан машин болон машины эд хэсгийн шинэ санаа, анхны загвар, тооцоо, дизайн, хийц загвар, сайжруулалт, судалгаа болон хөгжүүлэлт, үйлдвэрлэлт болон худалдаа борлуулалтад ажиллана. Энэ бүтээгдэхүүн нь жижиг машины эд хэсгээс эхлээд тоног төхөөрөмж эсвэл маш нарийн хийцтэй үйлдвэрлэлийн шугам бүр цаашлаад бүхэл бүтэн үйлдвэр фабрикийг төлөвлөн, зохион бүтээн, угсрах болон ашиглалтад оруулдаг байж болдог. Өнөө үед техникийн тоног төхөөрөмжийг CAD-программын тусламжтай компьютерт зурж тооцоолж байна. Үүгээр бий болгосон CAD-файлыг ашиглан түүний шинж чанарыг симуляц хийн шалгаад (үүнд ялангуяа төгсгөлөг элементийн арга орно) CNC-Машинаар үйлдвэрлэж байна. Дараагийн бас нэг арга нь урвуулан инженерчлэх (анг. Reverse Engineering) бөгөөд энэхүү инженерчлэл нь тухайн байгаа бодит биетээс комьпютерын моделл үүсгэн үүнээ цааш нь боловсруулах буюу сайжруулах ажлыг хийдэг. Жишээлбэл автомашины гаднах их биеийн чөлөөт хэлбэрийн гадаргуу эсвэл турбин болон шахагч сэнснүүд. Автоматжуулалт нэмэгдэх хэрээр тоног төхөөрөмжийг нарийн хийцтэй хэмжих- болон удирдах- тохируулах техникээр тоноглох болсон бөгөөд энэ тоноглолыг ч мөн механик инженерүүд хийцийг нь гаргадаг.

Үндсэн мэдлэг

Машин үйлдвэрлэлийн их сургуулиуд заадаг үндсэн мэдлэгт байгалийн шинжлэх ухааны хичээлүүд болох математик, физик, хими, техникийн механик, материал судлал, зохион бүтээх техник, цахилгаан техник, термодинамик, урсгал судлалын механик болон хэмжилт-, удирдлага- болон тохируулгын техник, үйлдвэрлэх техник, үйлдвэрлэлийн технологи, машины эд хэсэг зэрэг орно.

Математик

Математик бол машин үйлдвэрлэлийн шинжлэх ухаанд чухал үүрэгтэй. Математикийн загваруудыг алгебр болон анализ (Ньютон болон Лайбнитзаар эхлээд Гауссын комплекс тоогоор өргөснө), дифференциал тэгшитгэл болон векторын анализ (чухал мэдлэг болох Лаплас, Бернауль, Стокес-ийн хуулиуд) эсвэл тооцоолон бодох аргаар бэлтгэнэ.

Материал судлал

Материал судлалын шинжлэх ухаан нь инженерийн шинжлэх ухааны салбар бөгөөд материалын бүтэц, шинж чанарын хоорондын хамаарлыг хэрэглээндээ тохируулах арга технологийг судалдаг юм. Үүний үндсэн дээр тухайн материалын бүтцийг зорилготойгоор өөрчилдөг жишээлбэл төмөр-нүүрстөрөгчийн холимог хайлшийг хатаах, хатуулгийг нэмэгдүүлэх болон нэмэлт хайлш хийн хүссэн ган болон болдыг гаргаж авах. Машин үйлдвэрлэлд хамгийн ихээр хэрэглэдэг хайлшнуудыг гагнах боломжоос эхлэн амархан хэлбэрт орох гэх мэтээр түүний нүүрсний агуулгаар тохируулан гаргаж авна. Мөн цаашлаад зэврэлтийг багасгахын тулд нэмэлтээр хайлш хольж өгдөг. Жин чухал зарим салбарт (ийм салбарт жишээ нь: агаарын болон сансрын тээвэр) төмрийн хайлшны оронд хөнгөн цагааны хайлш болон нийлмэл бодисуудыг сонгон хэрэглэдэг. Материалын чухал үзүүлэлтэд түүний суналтын хязгаар, суналтын бат бэх бол уян налархайн коэффициент Е-модуль орно.

Техникийн термодинамик

Термодинамик, мөн дулаан судлал ч гэж нэрлэдэг, нь сонгодог физикийн нэг салбар хэсэг юм. Энэ салбар нь 19-р зуунд Жэймс Прэскотт Жоуль, Николас Леонард Сади Карнот, Жулиус Роберт фон Майер болон Херманн фон Хелмхолц нарын хийсэн ажлын суурь дээр үндэслэгдэн бий болсон. Түүний судлах зүйл нь энерги болон энергийн хэлбэрээс ажил болон хувиргах чадвар, процессыг судална. Мөн хими, биологи болон техникийн хэрэглээний салбаруудад түүнийг өргөн хүрээтэйгээр ашиглах боломжтой нотлогдсон. Термодинамикийн тусламжтайгаар жишээлбэл зарим нэг химийн урвал хэвийн нөхцөлд явагддаг хэр нь зарим нь яагаад явагддаггүй талаарx тайлбарыг мэдэж болно. Техникийн термодинамик нь тухайн системийн физик шинж чанарын зөвхөн макро төлөв байдлыг л авч үздэг. Тиймээс нь энэ нь маш хэмнэлттэй онол бөгөөд учир нь түүний жижиг хэсгүүд болох атом, молекулын хөдөлгөөнийг тооцолгүйгээр зөвхөн түүний дундаж хэмжээс болох даралт, температурыг авч үздэг.

Техникийн механик

Техникийн механик нь инженерийн шинжлэх ухааны нэг салбар хэсэг юм. Түүний байгалийн шинжлэх ухааны үндэс нь сонгодог механик юм. Сонгодог механик нь өөрөө физикийн нэг салбар хэсэг юм. Техникийн механикийн судлах зүйлийн жишээнд статик, бат бөхийн онол, кинематик, хэв гажилтын механик болон машины динамикийн ачааллын талаар судалдаг. Техникийн механикийн гүйцэтгэх үндсэн үүрэгт хүчний үйлчлэл, тэдгээрийн момент болон бусад ачааллын (жишээ нь материалын шинжлэх ухаан болон барилга, механик инженерийн салбарт хэрэглэх материалын ачаалал) тооцооны онол болон гаргалгааны арга ухааныг бэлтгэж өгөх. Ингэж тооцоолсны дараа тухайн хийцийн эд материал хэмжээг сонгох боломжийг олгодог учир техникийн механик нь хэрэглээнд их ойр туслах шинжлэх ухаан юм.

Зохион бүтээх техник

Зохион бүтээх онол буюу -техник нь зохион бүтээцийн үндсийг агуулах ба үүнд анализ-, синтез-, үнэлгээ- болон сонгон шалгаруулах ажлыг шаардах бөгөөд тодорхой техникийн даалгаврыг тодорхой цаг хугацаанд хамгийн зөв шийдэл гаргах арга юм.[1] 

Зохион бүтээх арга барилын хүрээнд ялангуяа системтэйгээр шинэ санаа олох, нэгдсэн шийдэл болон хувилбарын үнэлэмж гаргах аргуудыг сурч авдаг. Жишээ нь: Зохион бүтээх хөгжлийн процесс, бүтээгдэхүүний амьдралын тойргийн менежмент (анг. Product-Lifecycle-Management) эсвэл компьютерын тусламжтай инженерчлэл (анг. Computer-aided-engineering = CAE). Эдгээр нь хамгийн оновчтой олон төрлийн шийдлийн сонголт олоход тусалдаг.

Эдгээр шийдлээс зөв зүйтэйг сонгохын тулд зохион бүтээгч инженерт байх ёстой үндсэн мэдлэгт болох механик хийц өөрөөр хэлбэл машины эд хэсэг, түүний хэмжилт угсралт суурилуулалт мөн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн талаарх мэдлэг чадвар зайлшгүй чухал. Үүнээс гадна энэ хийцийн шийдлээ зөв зохистой баримтжуулах явдал нь дараа дараагийн шийдэл гаргах ажлыг ихэд хөнгөвчлөх сайн талтай. Баримтжуулалтад мөн техникийн зураг зүй орох бөгөөд түүнд зориулсан олон олон техникийн стандартууд байдгийг мөн л зохион бүтээх техникийн хүрээнд буюу түүний нэг хэсэг болох дүрслэх геометрээр (туслах багаж хэрэгсэл нь CAD) олж авдаг.

Үйлдвэрлэх техник

Үйлдвэрлэх техник нь механик инженерийн чухал хэсэг бөгөөд энд эд ангийн үйлдвэрлэх арга техникийн талаар судлах ба ялангуяа эд хэсгийн хүлцлийг яаж тэнцвэртэйгээр үйлдвэрлэх түүнийг үйлдвэрлэх процессыг яаж хямд төсөр сонгох талаар судална. Үйлдвэрлэлийн технологийг германд DIN 8580 (герм. Deutsche Industrie Normung, монг. германы аж үйлдвэрлэлтийн стандарт) стандартаар стандартчилсан байдаг. Үүнд:

  • Анхны хэлбэржүүлэлт
  • Хэлбэрт оруулах
  • Салгах
  • Нийлүүлэх
  • Бүрхэлт
  • Бүрхэлт

Цахилгаан техник

Цахилгаан техникийг системтэйгээр техник хэрэглэх, мөн гүйдэл болон хүчдэлийн учир шалтгаан түүний нөлөө нөлөөлөл, дан ялангуяа техникт түүний хэрэглээ. Галвани, Волта болон Ампер нар цахилгаан гүйдэл, хүчдэлийн талаар онолыг нээсний дараа Ом тэдгээрийн хоорондын чухал пропорциональ холбогдлыг нээн, Омын хуулиар тэрхүү холбогдлыг харуулдаг. Үүний дараах нээлт, жишээ нь соронзон орон болон богино долгион нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд ихээр хэрэглэн, өдөр тутмын амьдралыг энэ төрлийн багаж хэрэгсэлгүйгээр төсөөлөхөд бэрх болсон. 

Сургалт ба их сургууль

Их, дээд сургууль

Их дээд сургуулиудад (мөн техникийн их дээд сургууль) ирээдүйн инженер болохын тулд машин үйлдвэрлэлээр сурах нь гурван сонгодог инженерийн сургалтын нэг (нөгөө хоёр нь цахилгааны инженер болон барилгын инженер) юм.

Машин, түүний эд анги болон материалын тухай нарийвчлан сурахаас гадна тэдгээрийн хоорондын хамаарал болон асуудлыг шийдэх арга замыг олох аргачлалыг суралцана. Ирээдүйн инженерүүдэд системээр нь бодож тунгаах, энэ системийг таньж мэдэх түүнээ задлан ойлгож сурах арга барилыг чухалчлан заадаг. Ингэснээр нарийн төвөгтэй систем болох цахилгаан станц, автомашин, эсвэл онгоцыг түүний задрах бүх жижиг хэсэгт нь задлан, түүндээ оновчтой шийдэл олсны дараа түүнээ буцаан бүтэн систем болгон үйлдвэрлэх ур чадварт суралцдаг. Суралцаж дуусаад Bachelor of Science / Master of Science эсвэл Bachelor of Engineering / Master of Engineering (монг. Бакалавр инженер / Магистр инженер) инженерийн диплом авах ба үүний дараа академийн Bachelor / Master of Science (B.Sc. / M.Sc.) эсвэл Bachelor / Master of Engineering (B.Eng. / M.Eng.) цолыг нэрийнхээ өмнө цоллуулах эрхийг албан ёсоор хүлээж авна. 

Техникийн дунд сургууль

Герман хэлтэй улс оронд их дээд сургуулийн инженерийн сургалтаас гадна механик инженерийн техникчдийг бэлтгэх мэргэжлийн сургуулиуд нь эртний уламжлалт сургалтын хэлбэрүүдийн нэг юм. Энэ төрлийн сургалтад хоёр жил зөвхөн мэргэжлийн хичээл үзэх бөгөөд төгсөхдөө улсаас шалгагдсан техникч болох бөгөөд хүсвэл их дээд сургуульд инженерийн мэргэжлээр сурах эрхтэй болдог. Австри болон Швейцарт ч мөн ийм төрлийн мэргэжлийн сургалтууд байдаг.

Ном зүй

  • Karl-Heinrich Grote, Jörg Feldhusen: Dubbel - Taschenbuch für den Maschinenbau. 23. Auflage. Springer, Berlin 2012, ISBN 978-3642173059. (Standardwerk)
  • Alfred Böge: Handbuch Maschinenbau: Grundlagen und Anwendungen der Maschinenbau-Technik. 19., überarb. und. erw. Auflage. Vieweg, Braunschweig 2009, ISBN 978-3-8348-0487-7.
  • Ekbert Hering, Karl-Heinz Modler: Grundwissen des Ingenieurs. 14., aktualisierte, Auflage. Fachbuchverlag Leipzig, Leipzig 2007, ISBN 978-3-446-22814-6.
  • Horst Czichos, Manfred Hennecke: Hütte. Das Ingenieurswissen. 33. Auflage. Springer, Berlin 2007, ISBN 978-3-540-20325-4.

Эх сурвалж 

  1. Rudolf Koller, Konstruktionslehre für den Maschinenbau 3. Springer-Verlag Berlin 1994. ISBN 3-540-57928-1 Хуудас XVIII

Friday, January 10, 2014

Тэнхлэг

Төмөр замын тээврийн хэрэгслийн тэнхлэг

Тэнхлэг бол машины эд хэсэг бөгөөд, эргэх боломж бүхий эд ангийг өөртөө агуулах буюу өргөж тээх зориулалттай. Үүнд жишээ нь төрөл бүрийн дугуй, эргэвч, эсвэл холхивч орно. Ярианы хэлэнд гол болон тэнхлэгийг хооронд нь хольж ярих тохиолдол их бий. 

Төрөл

Тэнхлэгийг хатуу холбоостой мөн тойрон эргэх (хамт эргэх) тэнхлэг хэмээн ялгаж үздэг. Голтой харьцуулахад тэнхлэг нь цэвэр өргөж тээх буюу өөртөө агуулах функцтэй ба энэ нь ямар ч эргэлтийн моментыг дамжуулдаггүй. Тиймээс тэнхлэгт зөвхөн тахийлт/мурийх момент болон тэнхлэгийн дагуу үйлчлэх хүчинд ачаалагдсан байна. 

Xатуу холбоо бүхий тэнхлэг

Xатуу холбоо бүхий тэнхлэг нь сул эргэх эд ангид (жишээ нь эргэх дамарт) угсрагдана. Энэ тэнхлэг нь механикийн тайван болон бага зэргийн доргилттой тахийлтаар ачаалагдана. 

Тойрон эргэх тэнхлэг

Хөтлөгдөх дугуй болон эргэвч нь тэнхлэгтэй хамт хатуу холбоосоор холбогдсон бол үүнийг (тойрон) эргэх тэнхлэг гэж нэрлэнэ. Эргэх хөдөлгөөний улмаас тухайн тэнхлэгт статикийн хувьсах ачааллын хүч (тахийлт) бий болно. Хувьсах ачааллаас шалтгаалан эргэх тэнхлэгийн диаметр нь хатуу холбоостой (эргэдэггүй) тэнхлэгийн диаметрээс харьцангуй том хэмжээтэй байх боловч угсралт болон тэнхлэгээ дугуйтай холбох ажил хөнгөрөх давуу талтай. 

Цул ба нүхтэй тэнхлэг

Тэнхлэг тахийлтаар ачаалагдсан үед түүний суналт болон агшилт гадна талдаа л их байхаас дотор буюу төв хэсэгтээ бага байна. Энэ нь юу гэсэн үг бэ? гэвэл тэнхлэгийн материалын төв хэсэг нь тэнхлэгийн тогтворжилт болон бат бэхэд нөлөөлөх нөлөө бараг байхгүй гэсэн үг. Тиймээс тэнхлэг хөндий буюу нүхтэй хийцтэй байдаг. Ингэж хөндий хийх нь тэнхлэгийн жин багасах давуу талтай. Цаашлаад унадаг дугуйн тэнхлэгийн хувьд, цул тэнхлэгийн жин болон тогтворжилтыг хөндий тэнхлэгийн жин болон тогтворжилттой харьцуулахад хөндий тэнхлэг цул тэнхлэгээс илүү тогтворжилттой болох нь нотлогдсон.

Ном зүй

  • Kabus, Karlheinz, Rieg, Frank 1955-, Weidermann, Frank 1967-, Engelken, Gerhard, Hackenschmidt, Reinhard 1953-: Decker Maschinenelemente. Funktion, Gestaltung und Berechnung. 20., neu bearbeitete Auflage. München, ISBN 978-3-446-45029-5.

Friday, January 3, 2014

Техникийн зураг

Техникийн зураг гэдэг нь техникийн тодорхой мэргэжилтэй хэсэг буюу архитектур, барилгын инженер, техникийн инженер, зохион бүтээх инженер болон загвар зохион бүтээгчид инженер  техникийн стандарт, дүрмийн  дагуу хийсэн зургийг хэлнэ. Зурсан зургийн тусламжтайгаар ямар нэгэн объектыг үйлдвэрлэх учир зураг нь маш тодорхой байх ёстой.

Түүх

Техникийн зургийн гарал үүсэл нь 15-р зуунаас эхлэлтэй. Тухайн үеийн төлөөлөгчөөр өнөөгийн алдарт Леонорда Да Винчи орох ба тэрээр олон нээлтүүдээ (жишээлбэл дайны зориулалт бүхий машин, нисэх аппарат гэх мэт) зургаар (техникийн) үлдээсэн байна. Геометрийн үндэс суурийг бүр түүнээс өмнө математикчид Самосын Пифагор мөн Алеxандрын Евклид нар нээн судалж байсан байна. Сүүлд 1700-д оны үеэс францын анхны нисэхийн пионер Жак де Вокансоны зурсан техникийн зургуудыг болон эсвэл 19-р зууны патентийн бичигт бүртгэсэн зургууд орно.
 
Сүүлийн зуун жилийн дотор техникийн зураг нь улам боловсронгуй болон хөгжиж ирсэн. Мөн зураг зурах маш олон төрлийн багаж хэрэгсэл  (туш, муруй шугам, зургийн хавтан) бий болсноор зураг зурахад хялбар дөхөм болсон.
 
Компютерын техник (CAD) гарч ирснээр  харандаа, туш, шугамын хэрэглээ бараг алга болж харин компютерын хэрэглээ ихсэх болсон.

Өнөөдөр ихэвчлэн техникийн дэвшилтэт технологи болох 3D-CAD-системийг хэрэглэж байна. Үүнийг хэрэглэхдээ эхлээд огторгуйн биетийг бий болгоод түүнээсээ техникийн зургийг уламжлан гаргадаг.
 

Хүлцэл (техник)

Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудл...

Хамгийн их уншсан өгүүллэг